Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Хэрлэн-Бороо экспедицийн 2018 оны ажлын тайлан

Шинэчлэгдсэн: 2019-06-16 20:28:06

Хэнтий аймгийн УЦУОШТ-ийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх

Хэрлэн - Бороо экспедицийн 2018 оны ажлын тайлан

2018 оны 4 дүгээр сарын 12 – ноос 7 дугаар сарын 2 – ныг хүртэл цаг агаарын нөхцөл бүрдсэн 13 процессод, 3 экспедиц давхардсан тоогоор 21 удаа тунадас нэмэгдүүлж ажиллаа. Энэ жил газар тариалангийн бүсэд 7 удаа, ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэхэд 2 удаа, отрын бүсэд 2 удаа, бэлчээрийн бүс нутгаар 10 удаа тус тус тунадас нэмэгдүүлсэн байна.

 Удирдлага зохион байгуулалт:

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2018 оны 03 сарын 19-ний өдрийн А/09 тоот тушаалаар Хэрлэн-Бороо 1, 2, 3 экспедицүүдийн бие бүрэлдхүүнд тодотгол хийж, тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх, үүргийг бататгасныг хэрэгжүүлж ажиллаа.

2018 онд цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц гурав /экспедиц тус бүр дарга инженер, техникч, жолоочтой/, суурин газрын генератор нэг, зөөврийн бага оврын генератор 3 /тус бүр нэг нэг генераторчинтай/, хээрийн гаралтын үед ээлжийн синоптик инженер нэг тогтмол ажилласан бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явууллаа.

Аймгийн УЦУОШТ, БОАЖГ-ын дарга нар  “Цаг агаарт зориудаар нөлөөлөх” ажлын хамтын ажиллагааны  гэрээ байгуулан Засаг даргын тамгын газрын даргаар батлуулан тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны зардлыг “Аймгийн байгаль хамгаалах сан”-гаас гаргуулж, гэрээний биелэлтийг тооцож ажлын тайланг хэлэлцүүлсэн болно.

УЦУОШТ-ийн дарга Л.Чулуун 04 сарын 04-ний өдөр аймгийн тариаланчдын зөвлөлгөөнд оролцон 2018 онд Цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны зорилтын тухай мэдээлэл хийж, тариаланчидтай хамтран ажилласан болно.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлан, ИНЕГ-ын агаарын хөлгийн удирдлагын диспедчерүүдтэй байнгын холбоотой ажилласнаар зөрчил дутагдал гараагүй болно.

Үйл ажиллагаа: 

Судалгааны ажлын дүгнэлт:

Судалгааны ажилд Хэнтий аймагт цаг агаарт зориудаар нөлөөлж эхлэсэн үеээс хойшхи тохиолдолын тоо болон зарцуулсан урвалжийн тооны олон жилийн дундаж утгийг гаргаж газар нутгаа дөрвөн бүсэд хувааж харьцуулалт хийж үзлээ. Жил бүрийн тунадас нэмэгдүүлэх тохиолдолын тоог судлаж үзэх нь тухайн жилийн уур амьсгалын онцлог болон зуншлага, хуурайшилтын байдлыг илтгэх нэг үзүүлэлт болж байна гэж үзлээ.

Мөн зарцуулсан урвалжийн хэмжээг тухайн нутагт унасан тунадастай харьцуулж үзэхэд үр дүн харьцангуй өөр өөр харагдаж байгаа нь тухайн процессын услаг шилжилт гэх мэтээс гадна, үүлэнд цацах реагентийн хэмжээнээс орох тунадас ихээхэн хамаардгийг илэрхийлж байна. Реагентын хэмжээг тохируулан хэрэглээгүйгээс хур тунадас нэмэгдэж орохгүй байх, үүл задарч саринах, их хэмжээний хүчтэй хур тунадас орж байгалийн гамшиг дагуулах зэрэг сөрөг үзэгдлүүд гарах магадлалтай.

            Бүсчилж үзэхээс гадна үйл ажиллагаа явуулсан газар нутгийн байршил, зорилго чиглэлээр нь судлахад бүх жилүүдэд бэлчээрийн бүс нутагт болон газар тариалангийн бүс нутгаар түлхүү ажилладаг нь харагдсан.  2018 онд бэлчээрийн бүс нутагт 45%, газар тариалангийн бүс нутагт 33%, отрын бүс нутаг болон түймэрт 9-10%-тай үйл ажиллагаа явуулсан байна. Энэ нь бас л тухайн жилүүдийн цаг агаарын нөхцөлтэй шууд хамааралтай байна.

2017-2018 оны процессийн урсгалын чиглэл болон үүлний үүслийг харьцуулж үзэхэд баруун хойдын хүйтэн фронтын гаралтай процесст голлон гарч ажилдаг байна.

2018 оны 4 сарын 12-ноос 07 сарын 02-ныг хүртлэх өдрүүдэд Хэнтий аймгийн хэмжээнд фронтын болон орон нутгийн чанартай коневикцийн гаралтай нийт 46 тохиолдолын процесс орж ирсэн /үүссэн/ байна.  Үүнээс: 21 удаагийн процесст цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулжээ. Үлдсэн 25 тохиолдол нь 1-2 сумдын нутаг дэвсгэрт орон нутгийн шинж чанартай 0,0-0,1мм тунадас өгч  байсан учир цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн.

Дүгнэлт:

Хэнтий аймгийн бүх нутгаар бэлчээрийн ургамал 4 дүгээр сарын 2-3 дугаар арав хоногт буюу олон жилийн дундаж хугацаанаас 10 – 25 хоногийн өмнө цухуйсан ч цэцэглэлтийн үе шат нь олон жилийн дундаж хугацаанаас 15-25 хоногоор хоцорсон байна. Хэнтий аймгийн төвийн бүсээр бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 2 дугаар арав хоногоос саатаж, 6 дугаар сарын 3 дугаар арав хоногоос дахин сэргэсэн. Нийт нутгаар 6 дугаар сарын 2 дугаар арав хоногоос ургамлын ургалт сайжирч хожуу боловч ургамлын үе шат гүйцэж ургамлын өндөр хангалттай хэмжээнд хүрч ургасан болно. Хойд болон төвийн бүс нутгаар 5-р сараас ургац тодорхойлж эхэлсэн ч, өмнөд бүсээр 5, 6 сард ургац тодорхойлох боломжгүй байсан боловч нийт нутгаар 7 дугаар сараас ургацын хэмжээ  нилээд өссөн үзүүлэлтэй байна. Хэнтий аймгийн зуншлагын байдал 2018 оны 07 сарын 31ны байдлаар Галшар, Баянмөнх, Дархан сумд болон Хэрлэнбаян-Улаан тосгоны нийт нутаг, Дэлгэрхаан сумын баруун хэсгээр дунд зэрэг, бусад нутгаар зуншлага  сайн байсан бол 08-р сарын 20-ны байдлаар Дархан, Галшар сумын нийт нутгаар дунд зэрэг бусад нутгаар зуншлага сайн байна. Нийт нутгийн 39%-д бэлчээрийн даац хэтэрсэн байна. 

Төгсгөлийн бүлэг:

        Дэлхийн дулааралтаас шалтгаалан Монгол орны уур амьсгал өөрчлөгдөж, хур тунадасны эрчимшил өөрчлөгдөн орж буй тунадасны хэмжээ багасах, агаарын температур хэт их халах зэргээс шалтгаалан хуурайшилт ихсэн гангын давтагдал ажиглагдах болсонд нутгийн удирдлагууд онцгойлон анхаарч тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны зардлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлдэг болсон. Энэ жилийн хувьд аймгийн Байгаль хамгаалах сангаас 9,0 сая төгрөгний санхүүжилт өгсөн болно.

        Тайлангийн хугацаанд хуурайшилтын зэргийн мэдээ болон цаг агаарын урьдчилсан мэдээг үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ой хээрийн түймэртэй болон чийгийн дутагдалтай бүс нутгийг сонгож, мөн орон нутгийн удирдлагууд, тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, малчид ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллав.

         Тунадасны ажиглалтын идэвхтэн ажиглагчдын болон цаг уурын өртөө харуулын ажиглагч нарын өнгөн хөрсний чийг нэвчилтийн хэмжилтийн ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажиглалтуудын мэдээг экспедицийн ажлын үр дүнг тооцоолоход болон дараагийн процесст ажиллах төлөвлөгөөг боловсруулахад ашиглаж байгаа бөгөөд экспедиц хээрийн гаралтын үед хөрсний чийгийн хэмжилт, ургамал зүйн ажиглалт, нуур цөөрмийн усны түвшиний хэмжилт зэргийг хийж ажлынхаа үр дүнг тооцон ажилласаар байна.

Зардал, үр дүн:  

Тайлангийн хугацаанд Ланд-80, УАЗ-Пургон, IVECO маркийн гурван авто машинтай ажиллаж шатахуунд 5077838 төгрөг, томилолтын зардалд 2220000 төгрөг, холбооны зардалд 328288 төгрөг тус тус зарцуулж, 955712 төгрөгөөр төхөөрөмжийн урсгал засвар хийсэн.  Мөн пуужин 92 ширхэг 36689664 төгрөг /пуужингийн нэг бүрийн үнэ 416928 төгрөг/, генераторын түлш 6 ширхэг 2400000 төгрөг, нийт зардал 47671502 төгрөг болсон байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлж нэмэгдүүлсэн хур тунадасны хэмжээ 161437000 м/куб, нэмэгдүүлсэн тунадасыг 20 төгрөгөөр тооцоход эдийн засгийн үр ашиг 3 тэрбум 228 сая 740 мянган төгрөг болсон гэж үзвэл 70,9 %-ийн ашигтай ажиллаа.