Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1
Хэнтий аймгийн уур амьсгалын хахирлаг шинжийн судалгааны асуудалд
Л.Ганчимэг Б.Хэрлэнчимэг Д.Ариунтуяа
/Хэнтий аймгийн УЦУОША/
Хураангуй.
Энэхүү өгүүлэлд уур амьсгалын дулааралтай холбоотой агаарын температурын өөрчлөлтийн нэг онцлог хүйтэн улирлын цаг агаарын нөхцөл- хахир шинжийн өөрчлөлт хэлбэлзэл болон уур амьсгалын эрс тэс байдлын өөрчлөлтийн талаар тусгахыг зорилоо
Түлхүүр үгс: хахирлаг шинж, хахирлагийн индекс, хүйтэн өдөр, хүйтэрсэн өдөр, уур амьсгалын эрс тэс байдал
Оршил.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хэлбэлзлийн тухай судалгаа улам өргөжин , түүний учир шалтгаан, онцлогийг судалж тодруулахын тулд эрдэмтэн судлаачид шамдан ажиллаж , зарим үр дүнгүүд гарч байна. Гэвч улс орны нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь цаг уур, ус судлалын шинжлэх ухаанаас улам нарийн, тодорхой үр дүнг хүлээж байна.
Монгол орны эдийн засаг цаг агаар уур амьсгалын өөрчлөлтөнд улам бүр эмзэг болж байгаагийн улмаас энэхүү хүлээлт өсөн нэмэгдэж байгаа юм. Бодит байдал дээр хүний бүхий л үйл ажиллагаа цаг агаар уур амьсгал болон усны асуудлын нөлөөн дор оршдог бөгөөд улам бүр өсөн нэмэгдэж буй хүний үйл ажиллагаа эрсдэлд өртөхгүй байх боломж багасч байна. Ийм нөхцөл байдал нь цаг уур болон усны шинэ, илүү өргөн хүрээтэй үйлчилгээг эдийн засгийн бараг бүх салбарт , тухайлбал эрүүл мэнд, тээвэр холбоо, зам барилга, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч болон бусад нөөцийг ашиглах , аялал жуулчлал, амралт сувилал зэрэг салбарт зориулан гаргахыг шаардаж байна. Нөгөө талаас улс орны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бодлогыг хэрэгжүүлэхдээ нийгэм эдийн засгийн салбар бүрт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлөх, энэхүү өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох асуудлыг зайлшгүй тооцож шийдвэрлэх шаардлага тулгарч байна. [2].
Судалгаанд ашигласан мэдээ материал, арга зүй.
Хүйтний улирлын хахир шинжийн өөрчлөлт, онцлог шинжийг тодруулахын тулд физик газарзүйн өөр өөр бүс нутагт орших Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Галшар, Оргил өртөөдийн 1981-2012 оны цаг уурын ажиглалтын мэдээг ашиглав. Судалгааны ажлаар хүйтний улирлын агаарын дундаж температур, үнэмлэхүй бага температур, тодорхой заагийг давж хүйтэрсэн температурын нийлбэр, өдрийн тоо, салхины хурдны үзүүлэлт зэрэг цаг уурын мэдээнд статистик боловсруулалт хийж, үр дүнг график зургаар харууллаа.
Судалгааны үр дүн.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэр нь газрын гадаргын хотгор гүдгэрийн ялгаа ихтэй, газар зүйн тогтоцын хувьд ойт хээр, цөлөрхөг хээр, хээрийн бүсийг хамрах бөгөөд эрс тэс уур амьсгалтай, өвөл зуны температурын агууриг ихтэй. [3]
Зураг1. Агаарын үнэмлэхүй их ба бага температурын олон жилийн явц
Дээрх зургаас харахад агаарын үнэмлэхүй их температур өссөн байхад үнэмлэхүй бага температур буурсан байгаа нь уур амьсгалын эрс тэс байдал илүү нэмэгдэж байна гэж дүгнэж болох юм. Гэхдээ энэ өсөлт бууралт 2000 оноос хойш илүү эрчимтэй болсон байна. 2000 оноос өмнөх 20 жилд 36 градусыг давж дулаарсан өдрийн тоо 2 байсан бол 2000 оноос хойших 10 жилд энэ тоо 6 болж 3 дахин өсчээ. Харин -40 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо 2000оноос өмнө байгаагүй бол 2000 оноос хойш 4 удаа тохиолджээ. Энэ нь хүйтний улирлын хахир шинж нэмэгдэж байна гэж үзэж болох юм.
Зураг2. Агаарын температур 30градусыг давж хүйтэрсэн болон 30 градусыг давж дулаарсан өдрийн олон жилийн явц
Зураг2-с харахад 30 градусыг давж дулаарсан өдрийн тоо өссөн байхад – 30 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо мөн өссөн хандлагатай байна.
Хүйтэн улирлын цаг уурын дэвсгэр нөхцлийг уур амьсгалын хахирлаг шинжээр тодорхойлдог арга байдаг. Уур амьсгалын хахир шинжийг тодорхойлох Бодман, Осокин, Арнольд зэрэг эрдэмтдийн арга байдаг бөгөөд манай орны нөхцөлд эх гэзрын хахирлагийн ерөнхий шинжийг тодорхойлдог Бодманы индексээр /баллаар/ тодорхойлох нь илүү тохиромжтой. [1]
Уур амьсгалын хахир шинж нь хүйтэн /хасах температур/ салхины хурдны хам үзүүлэлтээр илэрхийлэгддэг. Нутаг дэвсгэрийн хахирлагийг манай орон шиг хүйтэн улирал удаан үргэлжилдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн, хүмүүсийн гадаа ажиллах хугацаа урт байдаг зэргийг харгалзан үнэлэх нь бүр ч өргөн ач холбогдолтой.
Улс орны нийгэм эдийн засаг, хүний биеийн био-уур амьсгалын үнэлгээнд нутаг орны хүйтний хахирлагийн үнэлгээг өргөн хэрэглэдэг.
Уур амьсгалын хахирлагийг Бодманы индексээр
S= (1-0.04t) (1+0.177V ) томъёогоор тооцлоо.
Үүний t- агаарын температур ºС , V - салхины дундаж хурд м/с
Энэхүү индексээр хүйтний улирлын хахирлаг шинжийг үндсэн 7 ангилалд хуваасан шинжүүрийг гаргасан байна. /Хүснэгт1/ [1]
Хахирлаг шинж |
Индекс /балл/ |
Зөөлөн |
≤1,0 |
Хахирдуу |
1,0-2,0 |
Хахирлаг |
2,1-3,0 |
Хахир |
3,1-4,0 |
Нэн хахир |
4,1-5,0 |
Хахир хатуу |
5,1-7,0 |
Туйлын хахир |
≥7,0 |
Хүснэгт 1. Хахирлагийн шинжүүр
Монгол орны уур амьсгалын хахирлагийг нийгэм эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан доктор Г.Намхайжанцан цаг уурын 70 гаруй өртөөний ажиглалтын 1936-1990 оны хоорондох агаарын дундаж температур, салхины хурдны үзүүлэлтийг ашиглан хүйтэн улиралд /X-IV сард/ тооцсон байна. Энэ тооцооноос харахад хүйтэн улирлын хахирлаг шинжийн дундаж Монгол Алтай, Дорнод Монголын тал нутгийн төв хэсэг, говийн зарим нутагт хахир, Хангай, Хэнтийн Их Хянганы салхи багатай өвөл харьцангуй дулаан нутаг, мөн Алтайн цаад говь, өмнөд хязгаарт хахирдуу, бусад ихэнх нутагт хахирлаг байдаг байна. [1]
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, манай оронд хүйтэн улиралд ялангуяа өвлийн 3 сард салхины хурд бага байдаг нь хахир шинж бусад нутгаас бага байж болох талтай. Харин өвөлдөө эрчимтэй хүйтэрдэг онцлогийг дагаад “ зөөлөн “ шинж ажиглагддаггүй гэж дүгнэсэн байна.
Бид сүүлийн 30 жилд /1981-2010 он/ энэхүү хахирлаг шинжийн өөрчлөлтийг газарзүйн өөр өөр бүсэд орших 6 өртөөний хувьд тооцож гаргалаа.
Өртөө |
Сар |
дундаж |
||||||
X |
XI |
XII |
I |
II |
III |
IV |
||
Өндөрхаан |
1.6 |
2.4 |
2.9 |
3.1 |
2.9 |
2.3 |
1.7 |
2.4 |
Баян-овоо |
1.5 |
2.3 |
2.9 |
3.1 |
2.7 |
2.2 |
1.6 |
2.3 |
Дадал |
1.3 |
1.9 |
2.2 |
2.4 |
2.2 |
1.8 |
1.4 |
1.9 |
Биндэр |
1,4 |
2,0 |
2,3 |
2,4 |
2,2 |
2,0 |
1,5 |
2.0 |
Оргил |
1.6 |
2.4 |
2.9 |
2.9 |
2.7 |
2.3 |
1.7 |
2.4 |
Галшар |
1.2 |
1.8 |
1.8 |
2.3 |
2.0 |
1.8 |
1.4 |
1.8 |
Хүснэгт2. Уур амьсгалын хахирлаг / S / шинжийн балл
Дээрх хүснэгтээс харахад Дадал, Галшар өртөөнд хахирлаг шинж /1.8-1.9 балл / харьцангуй бага буюу хахирдуу бусад нутгаар 2.0-2.4 балл буюу хахирлаг байна. Эндээс харахад цөлөрхөг хээрийн бүсэд орших Галшар өвөлдөө харьцангуй дулаан байдаг бол ойт хээрийн бүсэд орших Дадал өртөө нь салхи багатай өвөл харьцангуй дулаан байдгаараа хахирлаг шинж нь ойролцоо гарч байна.
Доктор Г.Намхайжанцангийн гаргасан хахирлаг шинжийн олон жилийн дунджийг сүүлийн 30 жилийн үзүүлэлттэй харьцуулав.
Зураг3. Уур амьсгалын хахирлагийн олон жилийн дундаж үзүүлэлт
Дээрх зургаас харахад бүх өртөөнд хахирлаг байдал сүүлийн 30 жилд буурч уур амьсгал илүү зөөлөрсөн байдал ажиглагдаж байна.
Зураг4. Өндөрхаан өртөөний хахирлагийн индексийн олон жилийн явц
Агаарын үнэмлэхүй бага температур болон хэт хүйтэн өдрийн тоо өссөн байхад уур амьсгалын хахир шинж зөөлөрсөн байгаа нь сонирхол татаж байгаа юм. Иймд хахирлагийг тодорхойлох гол үзүүлэлт хүйтний улирлын агаарын дундаж температур, салхины дундаж хурдны өөрчлөлтийг авч үзлээ..
Зураг5. Хүйтний улирлын агаарын дундаж температур болон салхины дундаж хурдны олон жилийн явц
Эндээс харахад хүйтний улирлын дундаж температур явц бараг өөрчлөлтгүй , харин салхины хурд бага зэрэг өссөн байна.
Өвлийн улиралд -0,-5,-10,-15,-20,-25,-30 градусаас хүйтэн үеийн температурын нийлбэр, энэ үеүдийн үргэлжлэх хугацаа, хүйтэн үеийн их салхи нь тухайн нутгийн хахир хүйтнийг илтгэх үзүүлэлтүүдийн нэг юм./ 2 /
Цаг уурт хүйтэрсэн өдрийн тоо гэж агаарын үнэмлэхүй бага температур 0 градусаас дээш дулаараагүй өдрийг, хүйтэн өдөр гэж агаарын дундаж температур -20 градусыг давж хүйтэрсэн өдрийг хэлдэг. Эдгээр үзүүлэлтийг тал хээрийн болон ойт хээрийн бүсэд орших 2 өртөөн дээр авч үзье.
Зураг6. Хүйтэрсэн өдрийн олон жилийн явц
Зураг7. Хүйтэн өдрийн олон жилийн явц
Дээрх зургуудаас харахад хүйтэрсэн болон хүйтэн өдрийн тоо Өндөрхаан өртөөнд өөрчлөлтгүй, Биндэр өртөөнд нэлээд өссөн хандлага ажиглагдаж байна.
Одоо 0 градус болон -20 градусыг давж хүйтэрсэн температурын нийлбэрийг авч үзье. Өөрөөр хэлбэл хүйтний хуримтлалын хэлбэлзлийг авч үзэв.
Зураг 8. 0 болон 20 градусаас доош хүйтэрсэн температурын нийлбэр
Эндээс харахад 0 болон 20 градусаас хүйтэрсэн температурын нийлбэр мөн Өндөрхаан өртөөнд өөрчлөлтгүй, Биндэр өртөөнд өссөн хандлага илэрч байна.
Мөн олон хоногоор хэт хүйтрэлт ажиглагдах явдал ихэсч байгаа нь хахир шинжийн үргэлжлэх хугацаа уртасч байна гэж үзэж болно. Үүний жишээ нь 2000 оноос хойш -35 градусыг давж 5-6 хоногоор тасралтгүй хүйтрэх явдал 4 удаа тохиолдож байсан бол 2009-2010 оны өвөл 16 хоног тасралтгүй - 35 градусыг давж хүйтэрсэн байна.
Дүгнэлт
- Бид энэхүү судалгаандаа хүйтний улирлын агаарын температурын өөрчлөлт, температур, салхины хурдны хам шинжийн үнэлгээг хийж зарим үр дүнгүүдийг гаргалаа. Энэ судалгаагаар хүйтний улирлын хахирлаг шинжийг тодорхойлох дээрх арга нь манай орны нөхцөлд тохирсон төгс аргачлал гэж үзэхгүй байна. Иймд энэ аргыг улам боловсронгуй болгож өөрийн орны онцлогт тохирсон аргачлал боловсруулан цаашид энэ асуудлыг дэлгэрүүлэн судлах нь зүйтэй юм.
- Уур амьсгал дулаарч Монгол орны жилийн дундаж агаарын температур 1,9 градус, зүүн бүс нутагт 1,6 градус өссөн гэж үздэг. Энэхүү өсөлтийн онцлогийг цаашид нарийвчлан судалж, байгалийн улирлын горим, түүний үргэлжлэх хугацаа , уур амьсгалын эрс тэс байдлын судалгааг нарийвчлан хийх нь зүйтэй гэж үзэж байна.
- Хүйтэн улиралд хүний эрүүл мэндийг хамгаалах, ажил амьдралын тохиромжтой бичил цаг уурын нөхцлийг гэр, барилга, байрны галлагаа халаалтаар зохицуулдаг. Иймд галлагааны хугацааны салхи , температурын хам нөхцлийг үнэлдэг. Энэ нь галлагааны хугацааны цаг агаарын эрчимшлийг үндэслэн түлш, эрчим хүчний төсөв тооцоог хийх, төлөвлөх шаардлага болдог. Улмаар хүйтний улиралд малчид, барилгачид, зам тээврийн зэрэг ажлын нөхцөл, ажиллагсдын гадаа ажиллах, хот суурины хүмүүсийн цэвэр агаарт зугаалах, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвчин эмгэгтэй хүмүүсийн биед хахир нөхцөл нөлөөлөхийг судлахад тулгуур нөхцөл болох юм.
Ашигласан хэвлэл:
- Г. Намхайжанцан Монгол орны уур амьсгалын хахирлаг шинж. УЦУХ-гийн Эрдэм шинжилгээний бүтээл №16 . УБ 1992 х.х44-51
- Г.Намхайжанцан Уур амьсгалын хүчин зүйлийг барилга байгууламжид тооцох үндэслэл УХГ, УБ 1987. Х.х19-29, 39-42
- Л.Чулуун Б.Хэглэнчимэг Өндөрхаан хотын дулаарлын зарим онцлогоос
Өндөр уулын бүсийн уур амьсгалын өөрчлөлт. Эрдэм шинжилгээний бага хурал Ховд хот 2012 он. Х.х 153-159
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 | 2016-11-08 | 1970-01-01 | 1680 |